Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг албан ёсоор эхлүүллээ. Одоогоор Монгол Улсын шатахууны импортын дөрөвний нэг орчмыг газрын тосны бүтээгдэхүүн эзэлж байна. Шатахууны хангамж цэвэр ОХУ-аас хамааралтай гэхэд болохоор байгаа юм. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор валютын гарах урсгал 20 орчин хувиар буурч, дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэнэ гэж ажлын хэсэг тооцоолжээ.
Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсноор жил бүр ойролцоогоор 150 сая ам.долларын нэмэлт татвар төвлөрч, 600 гаруй ажлын байр бий болох цаашид хими, хуванцрын жижиг үйлдвэрлэл хөгжих суурь нөхцөл бүрдэх төлөвтэй байна. Үйлдвэр хөрөнгө оруулалтаа 10 жилд нөхөх ба гол санхүүгийн асуудлуудыг шийдсэн гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үйлдвэрийн нээлт дээр онцоллоо. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр Газрын тос боловсруулах үйлдвэр нь дотоодын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний 70 орчим хувийг хангах хүчин чадалтай ажээ. Газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна дэд бүтцийн томоохон ажил, дагалдах төсөл хэрэгжихээр төлөвлөсөн байна. Хамгийн том ажил нь үйлдвэртэй холбох 500 км урттай дамжуулах шугамын бүтээн байгуулалт байгаа юм. Энэтхэгийн талаас гаргасан эхний ТЭЗҮ-д 600 гаруй сая ам.доллараар бүтнэ гэж тооцоолж байсан ч хэлэлцээрийн дүнд 350 сая ам.долларт багтаах боломжтой болсон гэж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээллээ.
Гол түүхий эдийг Тамсагийн сав газраас татна гэж тооцоод байгаа бөгөөд илрээд байгаа ашиглалтын баталгаат нөөц 43 сая тонноор хэмжигдэж байгаа аж. Өөрөөр хэлбэл өнөөгийн нөөцөд тулгуурлан боловсруулах үйлдвэр 40 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулна. “Цаашид хайгуулын ажил хийгдэж нөөцийн хэмжээ нэмэгдэнэ” гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд онцолсон юм.
Үйлдвэртэй холбосон 27 км төмөр зам тавигдах бөгөөд төмөр замын ажлыг “УБТЗ” ХНН хариуцан гүйцэтгэж, 2019 оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөөд байгаа аж. Мөн 6.3 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, 18 км агаарын шугам татах юм. Бүтээн байгуулалтууд нь боловсруулах үйлдвэрээс гадна Дорноговь аймгийн хэрэгцээг хангахад ашиглагдах ажээ. Түүнчлэн 16 км хүнд даацын авто зам тавина гэж салбарын яамнаас мэдээллээ. Дагалдах дэд бүтцийн бүтээн байгуулалтууд 2019 онд дуусна.
Эх сурвалж: bloombergtv.mn