АНУ-д Африк-Америк гаралтай Жорж Флойд гэх эрэгтэй цагдаа нарт баривчлагдсаныхаа дараа нас барснаас үүдсэн эсэргүүцлийн хөдөлгөөн зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Цар тахлын улмаас хөл хорионы арга хэмжээ үргэлжилж байгаа ч Нью-Йорк, Чикаго, Филадельфи, Лос-Анжелес зэрэг 70 гаруй хотод эмх замбараагүй байдал үүсэж, цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хэрэглэхэд хүрчээ.
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс үүдсэн жагсаал 1968 онд Мартин Лютер Кинг бусдын гарт амиа алдсанаас хойш ийм өргөн цар хүрээнд анх удаа болж байна. Эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд Пентагон зэвсэгт хүчний 16 мянга орчим цэргийг 20 гаруй муж руу илгээжээ. Жагсаалын үеэр нийт 4.4 мянга орчим хүн баривчлагдсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Жагсаал, эмх замбараагүй байдлыг хүчээр зогсооход бэлэн” гэдгээ илэрхийлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Миннеаполис хотноо өнгөт арьстан Жорж Флойд дэлгүүрээс хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийхийг оролдсоны дараа баривчлагдсан юм. Энэ үеэр түүний биеийн байдал хүнд байсан ч цагдаа нар хүч хэрэглэсэн хэвээр байсан бичлэг олон нийтийн шүүмжлэлд өртжээ.
Эх сурвалж: http://bloombergtv.mn/