Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн гурав дахь шатны үнэлгээг баталж, 30.55 сая ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ.
Олон Улсын Валютын Сан “Монгол Улсын эдийн засгийн өсөлт эрчимтэй явагдаж байгаа”-г онцлоод “Хөтөлбөрийн хүрээнд зорьсон гол хүчин зүйлс болох төсвийн алдагдал, гадаад валютын нөөцийн зорилтыг давуулан биелүүлсэн” гэсэн байна. Гэхдээ үүнтэй зэрэгцээд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хийхээр тохирсон зарим бүтцийн шинэчлэлтэй холбоотой асуудлууд хойшилж, зарим нэгийг нь эргэн харах тохиолдол гарсан гэж дурджээ. Мөн улсын өрийн хэмжээ өндөр хэвээр байгааг анхааруулж байгаа юм. Түүнчлэн “Эдийн засгийн өсөлт олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэ ханшаар дэмжигдэж байгаа тул хөтөлбөрийн зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн онцолжээ.
Сүүлийн үнэлгээгээр Олон Улсын Валютын Сан 55.9 сая зээлжих тусгай эрх буюу 79.1 сая ам.долларын санхүүжилтийг Монголд олгосон юм. Цаашид хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр гурван жилийн хугацаанд 314.5 сая зээлжих тусгай эрх буюу 434.3 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улс хүлээн авна.
Үүнээс гадна Олон Улсын Валютын Сангийн дэд тэргүүн Мицухиро Фурусава “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн нааштай үр дүнгүүдийн талаар мэдээллээ. Мөн цаашид болгоомжлох эрсдэлүүдийг дүгнэсэн байна. Түүний хэлснээр “Монгол Улс “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тавьсан зорилтуудаа сайн биелүүлж байгаа” аж. Түүнчлэн тэрбээр “Хөтөлбөрийн хэрэгжилтийг сайн хангаж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн, гадаад зах зээлд түүхий эдийн эрэлт сайн байсны нөлөөгөөр Монгол Улсын эдийн засгийн сэргэлт тооцоолж байснаас илүү сайн байна. Мөн төсвийн орлого үлэмж нэмэгдэж, хяналт сайжирснаар төсвийн алдагдал огцом буурсан” хэмээн онцоллоо. Өөрөөр хэлбэл өрийн цаашдын төлөв байдалд мэдэгдэхүйц ахиц гарсан гэж үзсэн байна.
2018 оны эхний хоёр сарын байдлын статистик үзүүлэлтээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 73.1 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2013 оноос хойших анхны тохиолдол боллоо. Үүнд татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс 29.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин эрсдэлийг авч үзвэл “Монгол Улсын өрийн хэмжээ өндөр, олон улсын түүхий эдийн зах зээлээс эдийн засаг хамааралтай байгаа энэ үед “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг тууштай хэрэгжүүлэх нь чухал гэж Олон Улсын Валютын Сангийн дэд тэргүүн Мицухиро Фурусава онцоллоо. www.bloombergtv.mn