АХБ: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ 205 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА


Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газар нийт 205 сая ам.долларын гурван төрлийн зээлийн гэрээ байгууллаа. Эдгээр гурван төрлийн зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах төсөл, боловсролын чанар, хүртээмжийг тогтвортой байлгах төсөл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх төслийг тус тус хэрэгжүүлэх юм байна. Агаарын чанарыг сайжруулах 130 сая ам.долларын бодлогын зээлийн хүрээнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодлогын шинэчлэлийг дэмжих юм байна. Азийн хөгжлийн банкны ердийн хөрөнгийн энгийн эх үүсвэрээс олгож буй энэхүү бодлогын зээл нь хоёр үе шаттайгаар санхүүжигдэнэ. Эхний шатны санхүүжилт болох 100 сая ам.долларын хөрөнгийг зээл хүчин төгөлдөр болмогц олгох бол хоёр дахь шатны 30 сая ам.долларын санхүүжилтийг тус хугацаанд хамаарах бодлогын арга хэмжээ хэрэгжиж дуусмагц олгох юм байна. Энэхүү зээлийн санхүүжилтээр утаа багатай түлшийг нэвтрүүлэх асуудалд төсвийн зарцуулалтыг чиглүүлж Улаанбаатар хотын оновчтой төлөвлөлт болон цэвэр түлш, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн урт хугацааны тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлнэ гэж мэдээллээ.

Боловсролын салбарт хэрэгжих төслөөр сургууль, цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх юм байна. Багш, сургалтын менежер, боловсролын асуудал хариуцсан нутгийн захиргааны ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлууд мөн хийгдэнэ. Төслийн хүрээнд шинээр баригдах болон өргөтгөх 35 сургууль, цэцэрлэгт элсэн суралцах 15 мянга гаруй хүүхэд төслийн өгөөжийг шууд хүртэнэ гэж мэдээллээ.

Харин гурав дахь төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрт илрүүлэн эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг хүргэхэд чиглэгдэх юм байна. Нийтийн үйлчилгээний байгууллагуудын дэд бүтцийг засварлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сэргээн засах төвүүдийг барьж байгуулах зэрэг ажлууд хийгдэнэ. Энэхүү зээлийн төслийг ядуурлыг бууруулах Японы сангаас олгох хоёр сая ам.долларын буцалтгүй тусламжийн төсөлтэй хамтран хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: www.bloombergtv.mn

 

Smiley face