Гадаад худалдаа өмнөх оныхоос 25 хувиар тэлэв


 

2018 оны эхний гурван сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.6 тэрбум ам.доллар болж,  2017 оны мөн үеэс 536 сая ам.доллар буюу 25 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 351 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

Экспортод 1.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар өссөн байна. Экспортын барааны 99 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна. Экспортын барааны нийт дүнд

  • Эрдэс бүтээгдэхүүн 1252.5 сая ам.доллар буюу 84.5 хувь;
  • Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 124.5 сая ам.доллар буюу 8.4 хувь;
  • Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл 6.3 сая ам. доллар буюу 0.4 хувь;
  • Нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 26.7 сая ам.доллар буюу 1.8 хувийг тус тус эзэлжээ.
    Эдгээр нь нийт экспортын дүнгийн 93.1 хувийг эзэлж байна.

2018 оны эхний гурван сард экспортолсон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн болон цайрын баяжмалыг 100.0 хувь, чулуун нүүрсний 96.6 хувийг БНХАУ-д; жоншны 49.7 хувийг БНХАУ-д, 50.3 хувийг ОХУ-д; үхэр адууны боловсруулсан болон боловсруулаагүй ширний ихэнх хувийг БНХАУ-д; самнасан ноолуурыг 76.8 хувийг БНХАУ-д; богийн арьс болон ямааны угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 100.0 хувь Их британид тус тус экспортолжээ. Дээрхи нэрийн бараа экспортын нийт дүнгийн 91.3 хувийг эзлэж байна.

Монгол улс дэлхийн 48 оронд бараа экспортолсноос

  • БНХАУ-д  86.7 хувь,
  • Их британид 8.9 хувь,
  • ОХУ-д 1.2 хувь тус тус ногдож нийт экспортын  96.8 хувийг дээрх орнууд эзэлж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.        эх сурвалж: gogo.mn

Smiley face