“Монгол Базальт” нээлттэй хувьцаат компани болж нийт хувьцааны 30 хувийг тус бүр нь 380 төгрөгийн тогтоосон үнээр олон нийтэд санал болгохоор боллоо. Олон нийтэд 380 төгрөгөөр санал болгож байгаа ч бизнес үнэлгээгээр нэгж хувьцаа нь 639 төгрөг байсан байна. Ингэснээр хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаагаа бодит үнэ цэнээс 40.5 хувиар хямд санал болгож байгаа гэж тус компанийн захирал мэдээллээ.
Базальт чулуу олборлож, “Basaltwool” брэндийн дулаан, дуу чимээ тусгаарлах зориулалттай чулуун хөвөн үйлдвэрлэгч компани дотоодын хөрөнгийн зах зээлээс 6.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр болж байна. Үүнээс 50 хувь буюу 3.2 тэрбум төгрөгийг стратегийн хөрөнгө оруулагчдаас татах юм. Хэдий тийм боловч нийтэд санал болгон худалдаалах хувьцааг зах зээлд 100 хувь арилжаалсан тохиолдолд анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцно гэж Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Анхдагч зах зээлийн захиалга энэ сарын 14-23-ны өдрүүдэд явагдана. Татан төвлөрүүлсэн 6.4 тэрбум төгрөгөөр тус компани 2018-2020 онд чулуун хөвөн үйлдвэрлэлийг боловсронгуй болгож, цаашид бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж байгаа юм байна. “Монгол Базальт” компани сүүлийн жил гаруйн хугацаанд IPO гаргахаар бэлдсэн.