Засгийн газрын хуралдаанаар Зүүнбаян-Ханги, Эрдэнэт-Арц суурь чиглэлд төмөр зам барихаар шийдвэрлэлээ. Хэрэв УИХ-ын чуулганаар дэмжвэл Зүүнбаян-Ханги чиглэлд 280 км, Эрдэнэт-Арц суурь чиглэлд 780 км урттай төмөр зам барих юм. Төмөр зам баригдсанаар экспортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар голлон төмрийн хүдэр тээвэрлэх боловч коксжих нүүрс, зэсийн баяжмал, барилгын материал, металл хийц зэргийг давхар тээвэрлэх боломжтой. Эрдэнэт-Арц суурь чиглэлийн төмөр зам нь Бүгд Найрамдах Тува улсын Кызыл хотоор дамжих Кызыл-Курагино чиглэлийн төмөр замтай холбогдоно. Ингэснээр Ази-Европыг холбосон транзит тээврийн шинэ коридор бий болно. ОХУ болон БНХАУ-ын төмөр замын тээврийн сүлжээг ашиглан гуравдагч зах зээл, далайн боомтод хүрэх гарцтай болно гэж Засгийн газрын ажлын алба мэдэгдлээ.