СЗХ: “МАНДАЛ ДААТГАЛ” БОЛОН “АРД ДААТГАЛ”-Д IPO ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО


Дотоодын хөрөнгийн зах зээлд шинээр дахин хоёр компани IPO гаргах зөвшөөрлөө СЗХ-ноос авлаа. Харин энэ удаа IPO гаргаж байгаа хоёр компани хоёулаа даатгалын салбарт үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ онцлог болж байна.

Ингэснээр 2018 он нь дотоодын хөрөнгийн зах зээлийн хувьд хамгийн олон IPO хийгдсэн жил болж байгаа гэдгээрээ анхаарал татаж байгаа юм. Хамгийн сүүлд 2008 онд дөрвөн компани IPO хийж байсан. СЗХ-ноос өнөөдөр ийнхүү зөвшөөрлөө авснаар “Мандал даатгал” болон “Ард даатгал” компаниуд хөрөнгийн зах зээлд гарч ирж байгаа анхны даатгалын компаниуд болж байна. Дотоодын даатгалын салбарт нийт хөрөнгийн хэмжээгээрээ III бичигддэг “Мандал даатгал” компани олон нийтээс 7.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхийг зорьж байна.

Нийт 1.56 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 4800 төгрөгөөр санал болгож байгаа талаар СЗХ мэдээллээ. Тус компанийн андеррайтераар нь “Голомт капитал” үнэт цаасны компани ажиллаж байгаа юм. “Мандал даатгал” компани энэ оны эхний хагаст 2.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 5.6 дахин өссөн дүн болсон байна. Мөн ижил салбарын “Ард даатгал” компани IPO гаргаж 5.25 тэрбум төгрөгийн санхүүжилт босгохоор зорьж байгаа юм. Компани нэгж хувьцааг 700 төгрөгөөр санал болгож нийт 7.5 сая ширхэг хувьцааг олон нийтэд нээлттэй болгож байна.

Компани энэ оны эхний хагаст 163.9 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь жилийн дүнгээр гурав дахин өссөн үзүүлэлт болсон талаар СЗХ мэдээллээ. “Ард даатгал” компанийн андеррайтераар “Би Ди Сек” үнэт цаасны компани ажиллаж байна. Оны эхний хагаст даатгалын салбарын нийт хөрөнгө 282.2 тэрбум төгрөг болж жилийн дүнгээр 13.1 хувиар өсөөд байгаа. Мөн даатгалын компаниудын нийт хураамжийн орлого 84 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар буураад байна.   www.bloombergtv.mn

Smiley face