УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн үнэмлэхийг олгож, нам, эвслүүд сонгуулийн кампанит ажлаа эхлүүлж байгаагаа зарлалаа.
Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад 13 нам, дөрвөн эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн шийдвэр гаргаснаа Сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ.
УИХ-ын 2020 оны сонгуульд нийт 606 нэр дэвшигч бүртгүүлснээс Монгол Ардын намаас 76, Ардчилсан намаас 76, “Та бидний эвсэл”-ээс 74, “Зөв хүн электорат” эвслээс 53 хүн нэр дэвшиж байна. Мөн “ШИНЭ Нам, Бүгд Найрамдах Нам, Үнэн ба Зөв Нам, Монгол Үндэсний Ардчилсан Намын ШИНЭ ЭВСЭЛ”-ээс 72, бие даагч 121 хүн 76 суудлын төлөө өрсөлдөж байна.
Сонгуулийн үйл ажиллагааны үеэр шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвараас сэргийлэх журмыг Засгийн газар батлаад байна. Энэхүү журамд нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулахаар заажээ.
Эх сурвалж: http://bloombergtv.mn/