ДАВХАР БҮРТГЭЛТЭЙ ҮНЭТ ЦААСЫГ ХӨРВҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО


2018 онд Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаасны анхны давхар бүртгэл амжилттай нэвтэрч, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорейшн”-ийг МХБ-д бүртгэсэн нь дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжилд түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниуд Монгол Улсад үнэт цаасаа гарган арилжих, эдгээр компанийн хувьцааг ард иргэд, олон нийт эзэмшиж, байгалийн баялгийн үр шимийг хүртэх боломжийг нэмэгдүүлсэн билээ.

Тус үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журам-д нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Энэхүү журамд нэмэлт, өөрчлөлт оруулснаар гадаад улсын болон Монгол Улсын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй үнэт цаасыг бирж хооронд хөрвүүлэн арилжих боломж бүрдэж байгаа бөгөөд тухайн үнэт цаасны хөрвөх чадвар сайжрах, хөрөнгө оруулагчид аль өндөр ханштай зах зээлийг сонгон арилжих боломж бүрдэх, дотоодын зах зээлд нийлүүлэлт нэмэгдэх, хөрөнгийн зах зээлд үнэт цаасыг хил дамжуулж хөрвүүлэх цоо шинэ харилцааг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Үүний дагуу давхар бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ийн хувьцаа эзэмшигчид хувьцаагаа Торонтогийн хөрөнгийн биржийн гишүүн брокерийн компанид нээлгэсэн дансаараа дамжуулан тус бирж дээр арилжих боломжтой бөгөөд хөрвүүлэх ажиллагааг “ҮЦТХТ” ХХК эсвэл МХБ-ийн гишүүн брокерт хандан хийлгүүлэх юм.

Smiley face